ПРОКУРОРЫН ЁС ЗҮЙН ДҮРЭМ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар Зарлигийн нэгдүгээр хавсралтаар Прокурорын ёс зүйн дүрэм, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг тус тус баталжээ. Прокурорын ёс зүйн дүрэм нь гурван хэсэг, арван зургаан заалтаас бүрдэх бөгөөд дүрмийн зорилго нь прокурорын ёс зүйн хэмжээг чанд сахиулахад оршино. Уг дүрэмд прокурорын хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ болон хяналтын чиг үүргээс гадуур нийгмийн бусад үйл ажиллагаанд баримтлах ёс зүйн хэм хэмжээг баталсан. Прокурорын ёс зүйн зөрчил гэж энэхүү дүрмээр тогтоосон прокурорын ёс зүйн хэм хэмжээг санаатай буюу санамсаргүй зөрчсөн үйлдэл, эс үйлдлийг ойлгохоор заажээ. Харин прокурор ёс зүйн зөрчсөн тухай гомдол, хүсэлтийг дараах үндэслэлээр шалгаж шийдвэрлэнэ. Үүнд: -Мөрдөгч, шинжээч, өмгөөлөгч, шүүгч хүсэлт гаргасан, -Иргэн, хуулийн этгээдээс гомдол, мэдээлэл ирүүлсэн, -Хэргийн оролцогчид, тэдгээрийн хуль ёсны төлөөлөгчийн гаргасан гомдол, хүсэлт, -Прокурорын газраас санал, хүсэлт ирүүлсэн. Прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаарх шалгалтыг Улсын ерөнхий прокурорын газрын хяналт, шалгалт, дотоод аюулгүй байдлыг хангах чиг үүрэг бүхий зохион байгуулалтын бүтцийн нэгж хариуцан явуулж, Прокурорын ёс зүйн зөвлөлийн хуралдаанаар прокурорын ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэхээр тус тус зохицуулжээ.
|