МОНГОЛ УЛСЫН ҮНДСЭН ХУУЛИЙН ЦЭЦИЙН ДҮГНЭЛТ

(Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.5, 118.5 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай)

            Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2018-02-02-ны өдрийн дунд суудлын хуралдаанаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн (67.1 “Нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэсэн шүүгч дараахь ажиллагааг явуулна:”) 67.1.5“хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийн талаар холбогдох байгууллагаас тодорхойлолт, лавлагаа авах.”, 118.5 “...Энэ хуулийн 67.1.5-д заасан тодорхойлолт, лавлагааг үндэслэн төлбөр гаргуулах хариуцагчийн хөрөнгө, орлого, эд хөрөнгийн эрхийг тодорхой тусган” гэсэн заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан хэлэлцсэн байна.

            Монгол Улсын дээд шүүх Үндсэн Хуулийн цэцэд гаргасан хүсэлтдээ “...Иргэний эрх зүйн харилцаа нь оролцогчдын эрх тэгш, бие даасан байдал, өмчийн халдашгүй байдал, гэрээний эрх чөлөө, хувийн хэрэгт хөндлөнгөөс оролцохгүй байх, иргэний эрх, үүргийг ямар нэг хязгаарлалтгүйгээр хэрэгжүүлэх зарчмын үндсэн дээр үүсч, өөрчлөгдөж, дуусгавар болдог үндсэн шинжээс хамааран зохигчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд “тэгш” байх явдал нь иргэний процессын эрх зүйн онцлог шинж юм. Гэтэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлтээр орсон 67.1.5 дахь заалт нь шүүгчийг “нэхэмжлэгчийн талд” үйлчлэх хуулийн тэгш бус байдлыг үүсгэж байна.”

            Мөн “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118.5 дахь хэсэгт орсон өөрчлөлтөөр шүүх “нэхэмжлэлийн шаардлагад дурьдаагүй, хэргийн оролцогчийн хүсэлт гаргаагүй” асуудлыг санаачилгаараа шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүлсэн байна. ...Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.5, 118.5 дахь заалт нь Үндсэн хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргаж өгнө үү” гэжээ.

            Үндсэн хуулийн цэц маргааныг хянан хэлэлцээд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67.1.5, 118.5 дахь заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14.1 дэх хэсгийн “Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.” гэснийг зөрчсөн байна” гэж дүгнээд, дээрх заалтуудыг 2018 оны 02 сарын 02-ны өдрөөс эхлэн түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн байна.

           

Эх сурвалж: Төрийн мэдээлэл сэтгүүл 2018-03-26 №12 /1017/ (422-440 дэх тал)