БҮДҮҮЛЭГ,  ДОРОМЖ  ҮГ ХЭЛЛЭГ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙЯ!

БҮДҮҮЛЭГ, ДОРОМЖ ҮГ ХЭЛЛЭГ ХЭРЭГЛЭХГҮЙ БАЙЯ!


Монголчууд эрт дээр үеэс “Амны билгээс Ашдын билэг” хэмээн билэгшээж, хэлж буй үг хэллэгтээ ихэд анхаарч ирсэн билээ.

Өнөөдөр хүмүүс хуулиар олгогдсон эрх, эрх чөлөөгөө ямар ч хязгааргүй мэтээр ойлгож,  өдөр тутмын ажил, амьдралдаа бүдүүлэг, доромжлолын үг хэллэгийг энгийн үг хэллэг мэт хэрэглэж байна. Энэхүү үзэгдэл нь гэр бүлийн орчин, нийтийн тээвэр, хоолны газар, үзвэр үйлчилгээний газар, төрийн байгууллага зэрэг бидний эргэн тойрон бүрд тохиолдох болж, түүгээр ч зогсохгүй нийгэмд нэр нөлөө бүхий төрийн албан тушаалтан, урлаг, соёл, спортын алдартнууд, бизнесийн хүрээнийхэн хүртэл эдгээр үг хэллэгийн утга, учрыг огоорч хэрэглэсээр байна. Түүнчлэн хэлд орж буй хүүхдэд зориулсан үлгэрийн ном, хүүхэлдэйн кинонд хүртэл бүдүүлэг, доромж үг хэллэг байдаг болсон нь ухамсаргүйгээр дагах сэжүүр болжээ. Бүрдүүлэг, доромж үг хэллэгийг өдөр тутмын яриандаа байнга хэрэглэснээр бүх зүйлд сөргөөр хандах, гутранга үзэлтэй болох, маргах, үг сөрөх зуршилтай болох зэрэг үлэмж сөрөг нөлөө хэвшдэг.

Бүдүүлэг үг хэллэгийг монгол хэлний хэлзүйн утгаар авч үзвэл “... нэн бүдүүлэг, бузар булай, эрээ цээргүй зохисгүй үг хэллэг, элдэв муухай, хараал зүхэл юм. ... ихэнх тохиолдолд санаандгүй гэнэтийн тааламжгүй (зөрчилт) нөхцөл байдалд уур хилэн, жигшил зэвүүцэл, эгдүүцлээ илэрхийлсэн хариу үйлдлийн үед хэрэглэгддэг байна. ... Гэвч ийм үг хэллэгээр өөрийгөө илэрхийлэх хэрэглүүр болох ёсгүй, соёлт хүний хэл ярианд хэрэглэгдэх учиргүй гэдгийг ямагт санаж явах ёстой юм.”[1] гэж тодорхойлсон байна. 

Өнгөрсөн онд манай хойд хөрш ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, уран зохиол, театр болон кинонд хараалын үгс хэрэглэхийг хориглох тухай хууль”-ийг батлан гаргасан. Тус хуулиар радио, телевизийн эфир, кино театр, олон нийтийн арга хэмжээ болох жүжиг, хөгжмийн тоглолтуудад бүдүүлэг, доромжлолын үг хэллэг хэрэглэхийг хориглосон аж. Үүнээс нь жишээ болгож дурдвал, бүдүүлэг, доромжлолын үг хэллэгтэй олон нийтийн урлаг, уран сайхны үзүүлбэрийн хэлбэрээр хуулийг зөрчсөн иргэнд 2,000-5,000 рубль, төрийн албан хаагчид 4,000-5,000 рубль, мөн аж ахуйн нэгжид 40,000-50,000 рублийн торгууль ногдуулах бөгөөд зөрчлийг давтан гаргасан этгээдэд торгуулийг нэмэх гэх мэтчилэн зохицуулсан байна.

Гэтэл манай улсад бүдүүлэг, доромжлолын үг хэллэгийг хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, урлагийн бүтээлүүд, олон нийтийн арга хэмжээнд ил тодоор хэрэглэхгүй байх тухай тусгайлсан хууль байдаггүй. Харин эдгээр үг хэллэгийг хэн нэгэн этгээдэд хандан хэлж, бусдыг гутаан доромжлохыг хориглосон зохицуулалттай хуулиуд байдаг. Тухайлбал, Монгол Улсын Их хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулиар “хуралдаанд үг хэлэх, санал, дүгнэлт гаргах, асуулт тавихдаа ... бүдүүлэг үг хэллэг хэрэглэх, бусдыг доромжлох, ... гишүүний ёс зүйд үл нийцэх үйлдэл гаргахгүй байх” гэжээ.

Бүдүүлэг, доромжлолын үг хэллэгийг хэрэглэхийг хязгаарлах нь нийгмийн харилцаанд ихээхэн ач холбогдолтой байж болно. Бүдүүлэг, доромжлолын үг хэллэгээр бусдын нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах, бүр цаашлаад хэн нэгэндээ үл итгэх, эрхэм бус хандлагыг бий болгохгүйн төлөө иргэн болоод эрхэм төрийн түшээ албан тушаалтан, бизнесийн салбарын хэн бүхэн анхаарвал зохистой юм.

Бодол үг болдог, үг үйлдэл болдог, үйлдэл хандлага болдог гэдгийг санах нь зүйтэй болов уу.


[1]  Ч.Зээнямбуу, М.Базаррагчаа нар. Хэл шинжлэлийн нэр томьёоны тайлбар толь. УБ., 2014 он. 486-р тал