ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

ВАЛЮТЫН ЗОХИЦУУЛАЛТЫН ТУХАЙ

Валютын зохицуулалтын тухай хууль нь 4 бүлэг, 19 зүйлтэйгээр 1994 оны 5 дугаар сарын 12-ны өдөр батлагдсан бөгөөд энэхүү хуулийн зорилт нь валютын зохицуулалтын талаарх төрийн зохих байгууллагын бүрэн эрхийг тодорхойлж, аж ахуйн нэгж, байгууллага, иргэд валютын гүйлгээ хийх, валютын гүйлгээнд хяналт тавих, Монгол Улсын үндэсний валютыг үнэгүйдлээс хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

Валютыг хэрэглэгдэх арга, гүйлгээнд орох, гарах нөхцөл байдлыг харгалзан дараах байдлаар ангилдаг. Үүнд:

  1. "Үндэсний валют" гэж эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий Монгол Улсын мөнгөн тэмдэгт-төгрөг, түүгээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ.
  2. "Гадаад валют" гэж эргэлтэд байгаа төлбөрийн чадвар бүхий нэг буюу хэд хэдэн гадаад улсын мөнгөн тэмдэгт, тэдгээрээр илэрхийлэгдсэн бөгөөд олон улсын төлбөр тооцоонд түгээмэл хэрэглэгддэг үнэт цаас, төлбөрийн хэрэгслийг хэлнэ. Гадаад валютыг дотор нь

чөлөөтэй хөрвөдөг: “Энэ нь улс хоорондын ямар ч төлбөр тооцоог хийх боломжтой аль ч улсын мөнгөн тэмдэгттэй солигдох чадвартай валютыг хэлнэ

чөлөөтэй хөрвөдөггүй: “Энэ нь зөвхөн дотоодын төлбөр тооцоонд хэрэглэгддэг улсын мөнгөн тэмдэгтийг хэлнэ” гэж ангилна.

"Мөнгөжсөн алт" гэж олон улсын жишигт хүргэн цэвэршүүлж, олон улсын санхүүгийн аль нэг төвд хадгалуулж байгаа, гадаад валютаар борлуулахад бэлэн болсон алтыг хэлнэ.

"Валютын үнэт зүйлс" гэж мөнгөжсөн алттай адилтгах үнэт металл, эрдэнийн чулууг хэлнэ.

"Цэвэршүүлсэн алт" гэж алтны агуулгыг нь нэмэгдүүлж цэвэршүүлсэн боловч гадаад валютаар шууд борлуулах нөхцөл хангагдаагүй алтыг хэлнэ.

Монгол Улсын валютын гадаад нөөц нь төрийн эрх бүхий байгууллагын болон арилжааны банкны эзэмшилд байгаа:

  1. Гадаад орны банк, санхүүгийн байгууллагад хадгалж байгаа мөнгөжсөн алт
  2. Чөлөөтэй хөрвөдөг гадаад валют
  3. Гадаадад чөлөөтэй төлөгдөх болон гадаадын үнэт цаасны зах дээр борлогдох бүх төрлийн үнэт цаас
  4. Олон Улсын хэмжээнд валютын нөөцөд тооцогддог үнэт зүйлийн активаас бүрдэнэ.

Монголбанк төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг валютын зах дээр арилжааны банкуудын худалдсан, худалдаж авсан гадаад валютын ханшид үндэслэн тус улсын гадаад худалдаанд зонхилон хэрэглэж байгаа тогтвортой ханш бүхий чөлөөтэй хөрвөдөг аль нэг гадаад валютын тухайн үеийн ханштай жишин тогтоож нийтэд зарлана.

Төгрөгийн гадаад валюттай харьцах ханшийг урьд өдрийн ханшаас 5 буюу түүнээс дээш хувийн хэлбэлзэлтэйгээр өсгөх буюу бууруулах тохиолдолд Монгол Улсын ерөнхий сайдтай зөвшилцөнө. Арилжааны банк, валютын арилжаа хийх тусгай зөвшөөрөлтэй банк бус санхүүгийн байгууллага нь валютын захын эрэлт хэрэгцээнд үндэслэн валют худалдах, худалдан авах өөрийн ханшийг тогтоодог.

Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгууллагдсан, Монгол Улсад оршин байрладаг хуулийн этгээд, түүний гадаадад байгаа салбар төлөөлөгчийн газар, гадаад улсад суугаа Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар буюу байнга оршин суугч нь орлогоо гадаад валютаар бэлнээр буюу бэлэн бус төлбөрийн хэрэгслээр авсан бол Монголбанкнаас эрх олгосон арилжааны банкинд уг орлогыг авсан өдрөөс хойш 60 хоногийн дотор, Мөн Гадаад валютаар ажил, үйлчилгээ эрхэлж буй Монгол Улсын хууль тогтоомжийн дагуу байгууллагдсан, Монгол Улсад оршин байрладаг хуулийн этгээд, түүний гадаадад байгаа салбар төлөөлөгчийн газар нь өдөр тутмын гүйлгээ хийхэд шаардагдахаас бусад гадаад валютыг Монголбанкнаас тогтоосон журмын дагуу зохих хугацаанд банкинд тус тус худалдах буюу хадгалуулна.

Монгол Улсын болон гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг гаалийн байгууллагад бичгээр мэдүүлсэн тоо, хэмжээгээр тус улсын хилээр оруулж болно.Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг дор дурдсан журмаар тус улсын хилээр гаргаж болно. Үүнд:

  • гадаад төлбөр, тооцооны эрх бүхий арилжааны банкнаас худалдан авсан, чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг тухайн банкны нотолгоо бичгээр;
  • гадаадаас оруулж ирсэн бол түүнийгээ нотлох гаалийн мэдүүлгээр;
  • өв залгамжлан авсан болон бусдаас бэлэглэсэн бол үүнийгээ тус улсын нотариатын байгууллагын нотолгоо бичгээр;
  • Монгол Улсын хууль тогтоомжид зааснаар

Монгол Улсын иргэн чөлөөтэй хөрвөдөг гадаад валютыг хуулиар хязгаар тогтоогоогүй бол гаальд мэдүүлсэн тоо хэмжээгээр тус улсын хилээр гадаадад гаргаж болно.

Аж ахуйн нэгж, байгууллага, иргэн өөрсдийн авсан валютын зээлийг Монголбанкинд бүртгүүлнэ.

Монгол Улс дахь аж ахуйн нэгж, байгууллагын валютын гүйлгээнд Засгийн газар Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо өөрсдийн бүрэн эрхийн дагуу хяналт тавина.

Монголбанк нь дараахь үндсэн үүрэгтэй байна:

  • валютын зохицуулалтын тухай хууль тогтоомжийн биелэлтийг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад өмчийн төрөл, хэлбэр, харьяалал харгалзахгүйгээр хянан шалгах;
  • валютын гүйлгээтэй холбоотой баримт, сэлтийг шалгах;
  • валютын гүйлгээ, гадаад төлбөр, тооцооны ажиллагааны талаарх бүртгэл, тайлан мэдээний үнэн зөвийг шалгах;
  • эрх бүхий байгууллагаас хууль тогтоомжид нийцүүлэн гаргасан эрхийн актыг валютын гүйлгээнд мөрдөж байгааг шалгах.

Валютын зохицуулалтын тухай хууль тогтоомж зөрчсөн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хуульд зааснаарз ахиргааны шийтгэлийг ногдуулна. Аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн валютын гүйлгээний талаарх маргааныг шүүхээр шийдвэрлэнэ.