ЦЭРГИЙН ГЭРЭЭТ АЛБА ХААХ ЖУРАМ

Засгийн газрын 2018 оны 11 дүгээр тогтоолоор батлагдсан Цэргийн гэрээт алба нь байлдагч, түрүүчийн болон ахлагч, офицерын гэсэн төрөлтэй байна.

Цэргийн гэрээт алба хаах иргэн цэргийн дараах байгууллагад хүсэлт гаргана:

-байлдагч, түрүүчээр алба хаах иргэн цэргийн нэгтгэл, анги, байгууллагад;

-ахлагчийн алба хаах иргэн төрлийн цэргийн командлал, Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар,  Зэвсэгт хүчний Жанжин штаб, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад;

-офицерын алба хаах иргэн Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад.

Цэргийн гэрээт алба хаах иргэн нь биеийн эрүүл мэндээр цэргийн жинхэнэ албанд тэнцэх тухай цэргийн эмч нарын комиссын дүгнэлт гарсан байх, бие бялдрын ерөнхий шалгуур үзүүлэлтийг хангасан байх, цэргийн алба хаагчийн ёс зүйн шаардлага хангасан байх гэсэн шаардлагуудыг хангасан байна.

Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах иргэн дээрх шаардлагаас гадна хугацаат цэргийн алба хаасан байх, бүрэн дунд болон түүнээс дээш боловсролтой байх, 29 хүртэлх настай байх гэсэн шаардлагыг мөн хангасан байна.

   Цэргийн гэрээт албыг ахлагч, офицероор хаах иргэн гадна дипломын болон түүнээс дээш боловсролтой байх, мэргэжил, мэргэшил, ур чадварын түвшин нь томилогдох албан тушаалын шалгуур үзүүлэлт, ажлын байрны шаардлагыг хангасан байх, хуульд зааснаас хэтрээгүй настай байх, мэргэжлээрээ 3-аас доошгүй жил ажилласан байх гэсэн шаардлагыг хангасан байна.

Дээрх шаардлагыг хангаж, шалгалтын дүнгээр тэнцсэн иргэнийг цэргийн гэрээт албанд элсүүлж, алба хаалгах тухай шийдвэрийг хүсэлт гаргасан цэргийн анги, байгууллагын захирагч, дарга гаргана. Цэргийн гэрээт алба хаалгах шийдвэр гарсан иргэнтэй Хил хамгаалах ерөнхий газар, Дотоодын цэргийн штаб, Онцгой байдлын ерөнхий газар, Зэвсэгт хүчний Жанжин штаб, батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын эрх бүхий албан тушаалтан цэргийн гэрээт алба хаах гэрээ байгуулна.

    Цэргийн гэрээт албыг байлдагч, түрүүчээр хаах хугацаа 24 сар байх бөгөөд гэрээний хугацааг цаашид хоёр жилээр 31 нас хүртэл сунгаж болно.

Иргэн цэргийн байгууллагад шаардлагатай мэргэжил, албан тушаалд ахлагч, офицероор тав хүртэл жилийн хугацаагаар цэргийн гэрээт алба хааж болно.        

Цэргийн гэрээт алба хаагчийн цалин хөлс нь үндсэн цалин, цэргийн цолны цалин, онцгой нөхцөл, цэргийн мэргэжлийн зэрэг, хилийн болон хууль тогтоомжид заасан бусад нэмэгдлээс бүрдэнэ.

   Цэргийн гэрээт албаны байлдагч, түрүүчийн алба хаасан хугацааг иргэний нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацаанд оруулж тооцно. Цэргийн гэрээт албаны ахлагч, офицерын алба хаах хугацаанд иргэний нийгмийн даатгалын шимтгэлийг төр хариуцна.

Цэргийн гэрээт алба хаагчтай байгуулсан гэрээг дараах тохиолдолд дуусгавар болно:

-дөрвөн долоо хоногоос дээш хугацаагаар эмчлүүлэх шаардлагатай болсон;

-ар гэрийн гачигдлын улмаас гэрээг цуцлах хүсэлт гаргасан;

-гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож, шүүхийн шийтгэх тогтоол гарсан;

-хүндэтгэх шалтгаангүйгээр анги, байраа орхин явсан;

-орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлттэй холбогдуулан мэргэжлийн дагуу өөр цэргийн нэгтгэл, анги, байгууллагад шилжих болсон боловч тухайн алба хаагч ажиллах боломжгүй байгаа тухай бичгээр мэдэгдсэн.