ДААТГУУЛАГЧИД ӨНДӨР НАСНЫ ТЭТГЭВЭР ТОГТООХ НАСЫГ ТОДОРХОЙЛОХОД БАРИМТЛАХ ЖУРАМ

   Даатгуулагчид өндөр насны тэтгэврийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1, 5 дах хэсэгт тус тус заасны дагуу тогтоохдоо Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн халамжийн сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хуулийн зүйл, заалт хүчингүй болсонд тооцох тухай хуулиудыг хэрэглэх журмын тухай хуулийн  2 дугаар зүйлд заасан тэтгэвэр тогтоолгох насыг баримтална. Тухайлбал,

Тайлбар 1. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 20 жил төлсөн, 1958 оны 2 дугаар сарын 22-нд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас 3 сартайдаа өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ. 

Тайлбар 2. Тэтгэврийн даатгалын шимтгэлийг 15 жил төлсөн, 1963 оны 3 дугаар сарын 1-нд төрсөн эмэгтэй даатгуулагчийн хувьд 2018 оны 6 дугаар сарын 1-ний өдөр буюу 55 нас 3 сартайдаа өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн тогтоолгох эрх үүснэ.     

   Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу даатгуулагч өөрийн хүсэлтээр эрэгтэй 60 нас, эмэгтэй 55 насандаа өндөр насны тэтгэвэр тогтоолгож болох бөгөөд энэ тохиолдолд тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн байвал зохих доод хугацаа 2018 онд 20 жил 3 сар, 2019 онд 20 жил 6 сар, 2020 онд 20 жил 9 сар, 2021 онд 21 жил, 2022 онд 21 жил 3 сар, 2023 онд 21 жил 6 сар, 2024 онд 21 жил 9 сар, 2025 онд 22 жил, 2026 онд 22 жил 3 сар, 2027 онд 22 жил 6 сар, 2028 онд 22 жил 9 сар, 2029 онд 23 жил, 2030 онд 23 жил 3 сар, 2031 онд 23 жил 6 сар, 2032 онд 23 жил 9 сар, 2033 онд 24 жил, 2034 онд 24 жил 3 сар, 2035 онд 24 жил 6 сар, 2036 онд 24 жил 9 сар, 2037 он болон түүнээс хойш 25 жил тус тус байна. Тухайлбал,

Тайлбар 3. Нийгмийн даатгалын шимтгэлийг 20 жил 3 сараас доошгүй төлсөн 1958 оны 3 дугаар сарын 22-нд төрсөн эрэгтэй даатгуулагчийн хувьд өөрөө хүсвэл 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр буюу 60 нас хүрээд өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүснэ.      

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан болзлыг хангасан эмэгтэй даатгуулагч 50 нас хүрч өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд дээр заасан хугацааг баримтлахгүй.

   Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл (газрын дор, хортой, халуун, хүнд)-өөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох болзлыг хангасан даатгуулагч өөрийн хүсэлтээр өндөр насны тэтгэвэр тогтоолгох тохиолдолд дээрх хугацааг баримтлахгүй.