ХУУЛИЙН ОРОЙ ДЭЭР  ХҮН МҮСНИЙ ТЭНГЭР ГЭЖ БИЙ

ХУУЛИЙН ОРОЙ ДЭЭР ХҮН МҮСНИЙ ТЭНГЭР ГЭЖ БИЙ

Нэгэн цагт буюу 2001 онд Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж асан эрдэмтэн зохиолч, орчуулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Лувсандамбын Дашнямтай хууль, хуульчийг тойрсон асуудлаар хөөрөлдөв. Болгооно уу.

-Төр улсыг эрэлхэг цэргүүдээс гадна эрдэм чадалтай хуульчид хамгаалдаг гэж Францын нэгэн төрийн зүтгэлтэн, нэртэй хуульч бичсэн байх юм. Энэ үнэн үү. Үнэн бол Монголын хуульчид эх орноо хэрхэн хамгаалж байгаа бол?

-Төр улсаа иргэн бүр л хамгаалдаг. Яагаад гэвэл төр нь ч, улс нь ч өөрсдийнх нь юм. Цаад утгаараа хүн бүр л өөрөө өөрийгөө хамгаалдаг гэсэн үг.

Харин хуульчид бол хүн ардаа хамгаалдаг учир бүр ч эрхэм, ариун үүрэгтэй улс. Монголын хуульчид төрөө, улс орноо, хүн ардаа хамгаалж чаддаг уу, үгүй юу гэдэг бол ганц нэг жишээгээр хариулах зүйл биш. Уг нь энэ бол байх ёстойгоор үл барам ер нь цаг үргэлж л лавлаж байх учиртай асуулт. Энэ чинь нарийндаа манай хуульчид хүн мөн үү, тэр тусмаа монгол мөн үү гэсэн асуулт руу л яваад байгаа хэрэг.

Харсаар байтал хүн сууж байхад түүнийг хүн мөн үү, биш үү гэдгийг аль нэг утгаар хэлэх, тодорхойлох хэрэг гарлаа гэхэд түүний тулд нэг биш зүйл тодорхой болгох учиртай. Нэгэнт хуульчийн тухай ярьж байгаа болохоор хуульч гэдэг хэн бэ гэдгээс л эхлэх байх даа.

-Хуулийн заалтын агуулга, язгуур мөн чанарыг тайлбарлаж чаддаг хүнийг л хуульч гэнэ гэж нэгэн эрхэм хэлжээ. Харин таныхаар хуульч гэж чухам ямар хүнийг хэлэх вэ?

-Хуульч гэдэг бол миний ойлгож байгаагаар юуны өмнө маш нарийн мэргэшсэн хүн байх ёстой гэж шаардахын сацуу түүнээс хүн чанар, хүн мүс нэхдэг тийм салбарын албат гэж ойлгох хэрэгтэй байх. Мэдээж, хуулиа мэдэх, хуулийг яаж хэрэглэхийг мэдэх нь зайлшгүй.

Сайн хуульч гэдэг хуулиа гарамгай сайн хэрэглэж чаддаг хүнийг л хэлдэг. Олон олон удаа хэрэглэж туршлагатай болсон хуульчийг л хайж эрдэг шүү дээ. Гэтэл хэрэглэнэ гэдэг өөрөө тун учир утгатай үг.

-Ямар утга учиртай гэж?

-Энэ үг зөвхөн нэг гүйцэтгэлийг биш, зөв, буруу хэрэглээний тухай ярихад хүргэнэ. Үнэлгээ, шалгуур шаарддаг ажил. Хуульч хүн хуулиа түлээ мод хагалахад биш, машин тэрэг бүтээхэд биш, хүний хувь заяаг шийдэхэд хэрэглэнэ. Хууль бол зөвхөн хүнд, хүний зөв, бурууг олоход, болсон явдалд хариу өгөхөд, түүнийг  тодорхойлж шийдэхэд хэрэглэдэг багаж, зэвсэг юм.

Хүний явдал, үйлийг сайн сайхан байлгахын тулд “зохион бүтээсэн” нэг чухал сайн “багаж”-ийг хүн хүндээ зориулан хэрэглэж гэж ойлгогдоно. Наана нь ч хүн, цаана нь ч хүн сууж байна гэсэн үг. Хүний хэргийг хүнийхээр шийднэ гэдэг тэр шийд гаргагчаас өөрөө юун түрүүн жинхэнэ хүн байхыг шаарддаг, магадгүй зөвхөн түүнээс л хамаг хэрэг шалтгаалдаг. Тэгэхээр хуульч хүн гэдэг зөвхөн хуулийн заалт цээжилсэн (нарийндаа цээжлэх ч хэрэггүй, хуулиа өмнөө тавиад харж, лавлаж ч болно) хүн биш, хүн судлалын эзэн байхнээ дээ. Хувь заяаг нь шийдэх гэж байгаа хүнийхээ оронд өөрийгөө тавьж үздэг, “энэ хүн, би хүн” гэдгийг ямагт боддог, эгээ л өөрөө өөрийгөө шийтгэж байгаа мэт ханддаг хүн байж таарахнээ дээ.

Нэг үгээр, хуульчийн ажил бол хаашаа ч илүү дутуу гарч болохгүй хайрцаган дотор сууж буй нигүүлсэнгүй үйлстний ажил юм. Гэхдээ хуулийн заалтан дээр хуульч хүний хүнлэг сэтгэл, нигүүлсэнгүй үзлийн орон зай, аврахуйн аугаа их тэнгэр бий. Би бол тэгж л ойлгодог. Юутай ч, хүний хэрэгт хүн ёсоор хандаж, хүнийхээр л шийдэх хэрэгтэй болно. Дандаа л өөрийгөө өөр хүний хувь заяанд тольдох хэрэг гарна. Тэр тусмаа “хэрэгтэн” хүнд өөрийгөө тольдон, түүний цаанаас өөрийгөө ч, хэрэгтнээ ч, шийдэх ажлаа ч олж харна гэдэг тун учир начиртай, хүнд хэцүү ажил шүү.

-Хуульч хүний бахархал юу байвал зохилтой вэ?

-“Би энэ хэргийг жинхэнэ хүн ёсоор шүүсэн шүү, хуулийн заалт нь тийм ч би түүнээс “хальж” хүн мүсээ харуулж чадсан шүү” гэж өөртөө болон өөрт оногдсон, нээж олсон боломжиндоо баярлах учиртай. Олон олон баяр аяндаа бахдал бахархлыг төрүүлдэг.

-Бахархмаар, үгийг нь сонсмоор, үлгэр дууриал болгомоор хуульч Монголд хэр олон байна вэ?

-Хүн гэдэг амьтан нарийндаа өдөр бүр өөрөөрөө байж чаддаггүй. Хүн ер нь хүнтэй байтугай өөртэйгөө ч адилгүй байх тохиолдол бишгүй. Тэгэхээр тамирчин хүн хэдийгээр нэгэн төрлөөр тэмцээнд орох боловч орох болгондоо л адил байдаггүйтэй ижил хуульч хүний ажил ч бас шиийдэх хэргээсээ шалтгаалаад “өөртэйгөө адилгүй” байх тохиолдол чирч ирнэ.

Бид хүнийг ажил үйлийнх нь үр дүнгээр л үнэлдэг биз дээ. Тэгэхээр, дандаа онц дүн авдаг хуульч олонгүй байж болно. Гэхдээ мэргэжлийн чадвар, хүний ноён нуруу, амьдралын туршлага, ер нь хүн чанарын илэрхийлэл гэж бий л дээ.

Би нэг их олон хуульчийг лут сайн таньдаггүй. Ажил төрлийн хувьд ойр байсан хүмүүсээс Авхиа гуай, Совд гуай, Чимид гуай нарыг юманд нэг их дав дув хийгээд байдаггүй, ул суурьтай хүмүүс юм байна даа л гэж боддог байсан. Тэдний ямар хэргийг яаж шүүснийг би ямар мэдэх биш. Хүн талаас нь харахад л тийм байдал мэдэгддэг байсан.           

-Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зайтай гэж ярьдаг. Шударга байна гэдэг үнэн байхын нэр байх. Гэвч өөрийгөө шударга гэж дуугарч байгаа болгоны үг, үйлдэл  худал байх нь элбэг болсон мэт. Үнэн хаа явна вэ. Үнэний хязгаар хаа байдаг юм бол оо?

-Таны яриад байгаа энэ хэмжээ ямар хэмжээ вэ гэдгийг мэдэж байна уу. Дөрвөн хуруу гэдэг нь нүд, чих хоёрын хоорондох зай юм. “Сонссон, харсан хоёр алд дэлэм зөрөөтэй” гэдгийн л нэг хувилбар. Үнэн, шударга хоёр яг ч ижил утгатай биш ээ. Үнэн нь танин мэдэхүйн төвшин. Шударга нь хандлага, харьцаа, шийдлийн төвшин юм.

Шүүгч, хуульчдын ажил юмыг шийдэхэд л байдаг болохоор тэнд шударгын тухай яриа үүснэ. “Би шударга хүн” гэж тунхагласнаар ч шударга болчихдог юм биш. “Хуулийн хүрээнд” гэж манайханд нэг үг байдаг даа.

-За, тийм...?

-Хуульд юу гэж заасан байна түүний дотор байж болох хамгийн зөв шийд гаргасныг л шударга гэж хэлнэ. Хууль нь “буруу заасан” байвал түүнийг засаж залах арга зам, шат дамжлагууд бий. Хуульч ч бас өөрөө юмыг зөв, сайн болгох санаа тавьж, түүнээ ажил хэрэг болгох үүрэгтэй улсын нэг. Үнэн, үнэний хязгаар нь тухайн шийдлээр л тодорхойлогдоно. Хэрвээ философи ярьж байгаа бол үнэнийг гүйцэхэд бэрх. Үнэнийг амьдрал тогтоочихсон байдаг мэт боловч тухайн үнэнийг тогтооход тийм амар биш. Лав л нэг хүн үнэнийг тогтоодоггүй нь үнэн. Үнэний үнэн гэж цаана нь бас нэг юм бий.

Үнэн, шударга хоёр ойролцоогоор давхацдаг газар чинь л тухайн шийдэл юм. Тэр шийдэл маш олон юм хэлнэ. Шийдлийн өөрийнх нь үнэн, шийдсэн хүмүүсийн дүр төрх цөм тэнд багтана. Үхэр тэргээр хөөгөөд гүйцдэг үнэн маань тийм л юм байгаа юм даа.

-Төр бол хоосон чанар гэж ярьдаг, хэлдэг. Тэгвэл төрийн мөн чанар нь юу вэ, таныхаар...?

-Төрийн чанар нь хоосон биш юм аа. Төр гэж хийсвэр ухагдахуун мэт ойлгогдож болно. Төрийн тухай ойлголт урт удаан замналтай. Тэр хийсвэр ухагдахууныг бодитой болгож, хэрэгжүүлсэн хэлбэр, арга нь ч олон янз. Төрийн мөн чанар нь хүн төрөлхтөн өөрийгөө зохион байгуулах чадварыг өөрөөсөө нээж олсонд л байгаа юм.

Төр бол хэн “жолоон дээр” нь сууж байгаа болон суухаас үл хамааран, байж л байдаг аугаа их залуур, үнэлэхүй их хүч юм. Тэгэхээр, төр хоосон зүйл биш, хүний бүтээл, хүний итгэлийг агуулсан дуусашгүй хүч, аугаа их сан хөмрөг юм. Чингис хааныхаар бол “тэнгэрийн таалал”, магадгүй “тэнгэрийн ташуур” юм.

-Ардчилсан төртэй боллоо, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг сайхан цаг ирлээ гэсэн.  Гэтэл сүүлийн үед хүмүүс чанга дуугарч чадахаа байгаад шивнэдэг боллоо. Яагаад шивнэж ярихад хүрэв ээ. Энэ ардчиллын явдал мөн үү?

-Чанга дуугарсан болгон үнэн бөгөөд бидний хүссэнээр ч бас шударга байдаггүй. Чанга хэлэх үг, хэлэх газар, зөөлөн намуун хэлэх үг, хэлэх газар гэж бий.

Харин үгээ хэлэхээс айна гэдэг бол ноцтой явдал шүү. Хүмүүс чанга сул ярьж байгаадаа биш, үнэн худлын алиныг нь ярьж байна гэдэг нэгд чухал, хоёрт гэвэл яагаад ямар ч байдлаар дуугарч болохгүй болчихов оо гэдэг бол нөгөө нэг том асуудал.

Хүмүүсийг хэн айлгаад байгаа юм бэ. Юунаас айгаад байгаа юм бэ. Яагаад гэдэг цөм хариугаа нэхнэ.

Хэрвээ хүмүүст айдас байгаа, тэр нь төрөөс, эрхийг “эзэгнэгч”-дээс хамаараад байгаа бол тэр бүр ч ноцтой. Тийм байдал нийгмийн их хөдөлгөөн, улмаар их өөрчлөлт рүү чирдэг.

Манайд хэтэрхий их улстөржсөн орчин бий болоод, цөөхөн хүнтэй, жаахан нийгмийг талцуулж хуваах болсон нь, эрхийг “эзэгнэгчид” нь хувийн асуудлаа нэгд тавьдаг, эсрэг тал, шүүмжлэгчидтэйгээ шударга бус ханддаг болсон нь хүмүүст айдас хүйдэс, болгоомжлол төрүүлдэг болсон байж магадгүй. Гэхдээ Үндсэн хуулиараа бол ард түмэн төрийнхөө эрхийг барьж байгаа шүү дээ. Итгэл хүлээх чадваргүй хүмүүсийг солих эрх нь ард түмэнд өөрсдөд нь байгаа гэдгийг одоо цөмөөрөө л лут сүрхий ойлгож байгаа байх аа.

-Хууль батлагдлаа л гэх юм. Төдхөн нэмэлт өөрчлөлт орууллаа л гэх юм. Юу нь өөрчлөгдөөд, юу нь нэмэгдэж хасагдаад байгааг ялгах аргагүй л юм болоод байх шиг. Та анзаарахгүй байна гэж үгүй дээ, нэгэн цагт Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшин өрсөлдөж байсан хүн болохоор?

-Ний нуугүй хэлэхэд, манайд тогтоогдож, батлагдсан хуулиасаа, өөрчилж шинэчилсэн хууль нь хавьгүй олон байгаа. Шалтгаан олон. Муу боловсруулж байна. Тэр нь хууль тогтоогчид муу ажиллаж байна, чадваргүй байна гэсэн үг. Бас нэг шалтгаан нь өөрийн бодит амьдралд нийцэх, нийцэхгүй олон зүйл гаднаас хуулж байна.

Механикаар, хар үгээр хэлбэл “нүдэн балай” хуулж байна. Тэр нь хууль тогтоогчид Монголоо, амьдралаа мэдэхгүй байна гэсэн үг. Нийгэмдээ байгаа оюуны чадавхийг ашиглахгүй байна. Дураараа дургицгааж байна. Бүхнийг явцуу эрх ашигт нийцүүлж байна. Эцсийн бөлөгт, ард түмнээ сонсохгүй, тоохгүй байна гэсэн үг юм даа.

-“Монголын хууль гурав хоногт” гэдэг яриа юунаас үүдэлтэй юм бол оо?

-Уг нь хууль газартаа, хэрэглэгчиддээ хүрэх хугацааг хэлсэн үг юм билээ. Да Хүрээнд юм уу, Бээжинд тогтоосон хууль Ховдын хязгаар ч юм уу цаашаа очих газраа хүрэхэд гурав хононо л гэсэн үг. Харин одоо бол тогтоосон хуулийг дахиад өөрчлөх хугацаа бараг гурав хоног болоод байна гэхэд хилсдэхгүй.

Шударгаар хэлбэл, тийм чадал, чадвартай хууль тогтоогчдыг сонгосон ард түмэн бидний л буруу. Ер нь бол төрийн ажлыг шат шатандаа яв цав хийдэггүй, тэр байтугай хийх ажлаа ч мэддэггүйтэй л хамаг юм холбоотой.

-Баян ядуу гэсэн эсрэг тэсрэг ойлголт байна. Хүн болгон шахуу баяныг үзэн ядаж, муу муухайгаар нь дууддаг. Тэгсэн мөртлөө бүгд баян болох гэж мөрөөдөөд зүтгээд байдаг. Шүүмжлэл мөрөөдөл хоёрын зааг ялгаа гэж байна уу?

-Хагартлаа баян байна гэдэг монгол хүний эрхэмлэл биш юм. Бид эдийг биш, эрдмийг шүтдэг уламжлалтай. Эдэд шунадаг нь бидний шинэхэн “ололт”.

Хүний амьдралын наян хувь нь дууриамал, бусдыг дагасан амьдрал байдаг гэж хэлж болно. Баян чинээлэг байхын сайхныг бахдан харж, баян хүн бүхнийг чадаж байгаа юм шиг санагдаад байвал түүнийг л дууриана. Тийш хошуурна. Харамсалтай нь, яаж баян болохыг мэдэе гэхээсээ илүү ер нь шуудхан л баяжихыг, тэр тусмаа юу ч хийхгүй байж байгаад л баян чинээлэг болчихыг хүсээд байна. Манай зарим баян ч бас ямар нэг аргаар амархан “томордог” жишээ харуулаад байх шиг байна.

Ер нь баян байх муухай биш л дээ. Тэр байтугай ядуу байх ч муухай юм биш. Хамгийн гол нь яагаад нэг нь баян, нөгөө нь ядуу байгаад л учир байгаа юм. Магадгүй, ядуу нь арчаагүйдээ, баян нь аргатайдаа тийм байгаад байгаа байж ч болно.

Тэгэхээр, та зөв ярьж байна. Бид бие биенээ шүүмжлээд, муу муухайгаа дуудалцаад байхаасаа илүү юуны өмнө яагаад тийм байна, ийм байдалд яагаад хүрэв гэдгээ л үнэн зөв олох хэрэгтэй. Зүгээр мөрөөдөөд л суугаад байх хэрэггүй. Хүнд заавал нэг чаддаг юм байгаа. Түүнээ л хийдэг, хийх хийхдээ сайн хийдэг байх хэрэгтэй.

Юм бүтээсэн хүн заавал үр шимийг нь хүртдэг шүү дээ. Тэгсээр баян гэдэг тодорхойлолтод нь хүрэх үү, аль эсвэл юм хийгээд л байхад ядуу хэвээрээ, бас юу ч хийгээгүй мөртлөө баян байгаад л байх нь уу. Юм нүдээ олно доо. Үнэн танигдана. Шүүмжлэх, мөрөөдөх хоёрын ялгаа ч танигдана. Зааг ч харагдана. Юутай ч, шүүмжлэх, мөрөөдөх хоёроо ажлаар, бодит үр дүнгээр л солиод үзэх хэрэгтэй.

-Илүү харж билүү долоох гэж ардын цэцэн үг бий. Энэ дөрвөн үгийн цаана чухам ямар утга санаа агуулагдаж байдгийг эдүгээ цагийнханд “орчуулж” хэлж өгнө үү?

-Цэцэн үг биш юм аа. Цэцэн үг “тэгдэг, ингэдэг ч гэдэг юмуу, тэр сайн, энэ лут” гэсэн өгүүлэмжтэй байдаг шүү дээ. Таны хэлж байгаа бол онч үг. Монголчууд юмыг ямагт онож хэлдэг. Тэр нь ч бас монгол билгүүн үгсийн нэг хэсэг.

Илүү харна гэдэг цаанаа атаархлыг агуулна. Билүү долооно гэдэг нь хоосон атаархал юунд ч хүргэдэггүйг, хүний тийм зан хүндээ юу ч авч ирдэггүйг хэлнэ. Тийм учир, байгаад ямагт хүлээцтэй, өөдрөг сайнаар хандах хэрэгтэй.

Эсвэл энэ үг сувьдаг шунахай санаа юунд ч хүргэдэггүйг өгүүлнэ. “Шунал ихэдвэл шулам болдог” гэдэг ёстой харин монгол цэцэн үг бий дээ.

-Хуулийн шинэчлэл, шүүх, эрх мэдлийн шинэчлэл гэж дээр доргүй ярьж байна. Хуульчаа шинэчлэх асуудал энд багтаж байгаа болов уу?

-Шинэчлэл бол зөвхөн хэлбэр биш юм. Түүний утга агуулга, нөлөөлөл, хойшлого чухал.

Бас юмыг шинэчлэх гэж байгаа бол багтдаг хүрээ, “тэвэрдэг” хамрамж, тогтолцоог нь цулам бүтнээр нь олж харах хэрэгтэй. Шүүхийн шинэчлэл гээд байгаа нь тогтолцоогоо бүхэлд нь шинэчилж сайжруулах гээд байна аа л гэж би ойлгож байгаа.

Тогтоож буй хуулиа ч, түүний үйлчлэх чадвар, хэрэглэх аргыг ч, тэр хүрээнд ажиллагсдыг ч бүхэлд нь л шинэчлэх гээд байна гэж ойлгодог.

Ер нь бол юу болохгүй байгааг зөв олж харсан бол түүнийг өөр болгох арга ухаанаа зөв л олдог доо. Дээр бидний ярьснаар хуулбарлах, хуумгай бодох, түүхийрүүлэх хэрэггүй. “Нуухыг нь авах гээд нүдийг нь сохлох” гэгч болж болохгүй.

Ярилцсан Цээнзэнгийн ГАЛБАДРАХ

Эх сурвалж: “Хуульч news” сэтгүүл №02