Нийтийн орон сууцанд эрхлэхийг хориглосон үйл ажиллагаа
Орон сууц гэж хүн суурьшин амьдрах зориулалттай нийтийн болон амины орон сууцны байшин, сууц, гэрийг хэлэх бөгөөд тухайн орон сууцыг захиран зарцуулах эрх бүхий иргэн, хуулийн этгээд, төрийн эрх бүхий байгууллага нь орон сууц өмчлөгч юм.
Нийтийн зориулалттай орон сууцны байшинд барилгын төлөвлөлт, эрүүл ахуй, чанар, аюулгүй байдлын норм зөрчсөн, мөн дор дурдсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэхийг хориглоно. Үүнд:
- химийн хорт бодистой харьцах;
- ахуйн хэрэглээнд шаардагдахаас бусад тэсэрч дэлбэрэх, галд амархан шатдаг материал хадгалах, худалдах;
- хурц үнэртэй материал, бодис хадгалах, худалдах;
- цацраг идэвхт бодис, цахилгаан соронзон орон үүсгүүр, нянгийн амьд өсгөвөр, пестицид ашиглах;
- даралтат сав, уурын тоног төхөөрөмж ашиглах;
- арьс шир, түүхий эд хүлээн авах, худалдах;
- саун, нийтийн халуун усны болон угаалгын газар, нийтийн бие засах газар, зориулалтын бус байранд нийтийн хоолны газар ажиллуулах, 40 дБА-аас их хэмжээний дуу чимээ гаргах.
- согтууруулах ундаа үйлдвэрлэх;
- хууль тогтоомжоор хориглосон бусад үйлдвэрлэл, үйлчилгээ зэрэг орно.
Эдгээрээс бусад үйл ажиллагааг нийтийн зориулалттай орон сууцны байшин дахь үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар баригдсан хэсэгт болон бусад оршин суугчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүйгээр эрхэлж болно. Хэрэв тусгай зөвшөөрөлтэй үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх тохиолдолд хууль тогтоомжид заасан журмын дагуу эрх бүхий байгууллагаас зохих зөвшөөрлийг заавал авсан байна.
Эх сурвалж: Орон сууцны тухай хууль