ХУУЛЬЧИД БОЛ ТЭНГЭРИЙН ТОМИЛГООТОЙ ХҮМҮҮС
Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэнтэй хөөрөлдөв.
-Төр улсыг эрэлхэг цэргүүдээс гадна эрдэм чадалтай хуульчид хамгаалдаг гэж Францын нэгэн төрийн зүтгэлтэн, нэртэй хуульч бичсэн байх юм. Энэ үнэн үү. Үнэн бол Монголын хуульчид эх орноо хэрхэн хамгаалж байгаа бол?
-Ард түмэн гэдэг их өргөн, догшин урсгалтай, ёроолдоо том том бул чулуутай оргилж буцалсан их мөрөн юм. Энэ мөрнийг хашиж байдаг эрэг нь хууль. Хууль хэмээх хоёр их эргэнд хашигдаж он цаг дундуур энэ их мөрөн урсаж байдаг. Улсын дотор байгаа хүмүүнийг, хүмүүний эдлэх эрх хэмжээг, улсын дотор байгаа бурууг залруулахын тулд хуульчид оршдог.
Хууль бол хүн төрөлхтөний амьдралын залруулга. Тэгж ойлгууштай.
-Харин манайхан залруулга биш залхаалт гэж ойлгодог шүү дээ...?
-Энэ бол тун харамсалтай. Хууль бол залхаалт байж ерөөсөө болдоггүй. Хуулийг дээдлэх хүндэтгэл гэдэг хуулийн үг үсгийн мөн чанараас эхлэдэг.
Гэмэнд зэм нь тохирсон байхаас хуулийн мөн чанар тодорхойлогддог. Гэм зэм хоёрын тэнцлийг л хууль гэдэг. Тэр хоёрыг тэнцүүлж чадаж байгаа тохиолдолд хуульчид төр улсыг хамгаалж чаддаг л даа.
-Хуульч гэж чухам ямар хүнийг хэлэх вэ, таныхаар?
-Хуульч хүн гэдэг томилогдсон албан тушаал, тохоогдсон эрх ямба, оноогдсон хувь заяа юм. Хууль бол биеэ даасан шинжлэх ухаан учраас өөрийнхөө бэлтгэл хүчнийг ямагт нэрж гаргаж байдаг.
Мөрдөх ёстой хууль нь тэнгэрийнх байдаг учраас хуульчид бол тэнгэрийн томилгоотой хүмүүс гэж би боддог. Тэнгэрт таалагдсан хуульч хүнд таалагдсан хуульч л байж таарна аа даа. Би хувьдаа хүн чанартай, ноён нуруутай хүнийг л хуульч гэнэ.
Хууль гэдэг хүнд оногдсон том эрх. Хэн нэгний эрхийг хасах тэр том эрхийг барьж байгаа хүн хүний дээд л байх учиртай. Хуульч үнэн зөв, шударга, төлөв төвшин, голч, хүн чанартай байна гэдэг бол цаанаасаа шаардагддаг зүйл. Хуульч хүн хэлмэгдүүлэлтээс, хилсдүүлэлтээс, хэтрүүлгээс ямагт хол байх ёстой.
-Хуульч хүний бахархал юу байвал зохилтой вэ?
-Хуульч хүний гаргасан шийдэл гэм зэм хоёрын хөдөлгөөнгүй тэнцвэр байх учиртай юм. Тэр тэнцвэрийг олсон цагт л хуульч хүн өөрөөрөө бахархах ёстой гэж би боддог.
-Бахархмаар, үгийг нь сонсмоор, үлгэр дууриал болгомоор хуульч Монголд хэр олон байна вэ?
-Олон сайн хуульч байсан. Одоо ч байна. Миний аав Төв аймгийн шүүхэд ажиллаж байсан шүүгч хүн. Академич Нарангэрэлийн аав Содовсүрэн гуайтай хамт ажиллаж байсан, сүүлдээ сум нэгдлийн дарга болоод явчихсан болохоос биш.
Одоо миний амьдарч буй он цагийн хамгийн сайн хуульч гэвэл Б.Чимид гуай байлаа даа. Жинхэнэ эх газрын хуульч гэж би түүнийг хэлнэ. УИХ-д дөрвөн жил хамт байсан болохоор мэдэх юм. Тэр сэтгэлгээ, ой тогтоомж, бодол, гаргалгаа... Монголд дахиад заяахгүй дээ, тийм хуульч.
Ухаантай, хүн сайтай хүн. Ардын уран зохиолч цол авчихаад би хэдэн хүнийг цай уулгасан юм. Өчүүхэн юм даа. Тэгэхэд миний төрөл садан биш, миний ураг удмын биш, хахь холын тэр хүн миний найрын ууц шүүсээс эхлээд уух идэх бүх зүйлийг хариуцаж өөрөөсөө зардал мөнгийг нь гаргаж байв. Тэр тухайд хязгааргүй баярлаж явдгаа цухуйлгаж чадахгүй явсаар өдий хүрч. Ямагт баярлаж явдаг.
Мөн С.Төмөр гэж том хуульч байв. Ц.Нямдорж байна, С.Лүндээжанцан байна. Байна аа, байна, сайн хуульчид.
Би боддог, хуульч хүн гурван зүйлээс бүрддэг шиг гэж.
-Ямар гурван зүйл вэ. Тодотгож болох уу?
-Нэгд, хуулийн мэдрэмж гэж айхтар юм байна. Хоёрт, гэмтэнд тохоох ялын шалтгийн зөв бодомж, гуравт эр зориг. Энэ гурав хуульч хүнд зайлшгүй байх ёстой чухал зүйлс юм.
Хуульч хүнд магтаал хийгээд өргөл барьц зохидоггүй.
-Яагаад?
-Хуулинд тал тохой татна гэдэг хуульчийг их бүдгэрүүлдэг. Мөнхийн хөдлөшгүй оногдож байх, оноогдож байх ёстой юмны завсраар ямар нэгэн зүйл орох шиг бусармаг, мунхаглал байхгүй учраас тэр.
-Үнэн худлын хооронд дөрвөн хуруу зайтай гэж ярьдаг. Шударга байна гэдэг үнэн байхын нэр байх. Гэвч өөрийгөө шударга гэж дуугарч байгаа болгоны үг, үйлдэл худал байх нь элбэг болсон мэт. Үнэн хаа явна вэ. Үнэний хязгаар хаа байдаг юм бол оо?
-Хүнд хоёр мөн чанар байгаа юм. Үзэгдэхүйн мөн чанар, үнэн мөн чанар гэж. Хүн чанар, мөн чанаргүй төрийн дор ард түмэн зовдог гэж айхтар үг бий.
Шударга байна гэдэг үнэн байхын нэр гэдэг бол зөв. Гэхдээ шударгын цаана ямарваа нэгэн заль, хуурмаг, ший гуа байдал нуугдаж байгаа бол хулгайн үйлдэл болно.
Нэг дээлийг хоёр өнгөтэй даавуугаар хийдэггүй. Шударгын ард шударга бус байна гэдэг хамгийн том гэмт хэрэг. Хуулийн хатууг энд л гаргаж дээд зэргээр гэсгээж байх ёстой юм, уг нь. Шударга хийгээд шударга бус явдлыг л ялгаад яллаад байхад болж байгаа юм. Тэр дунд л ертөнцийн бүх зүйл багтаж байгаа болохоор.
Хүн амьдралдаа үнэнийг эрж төрдөг шиг. Мэндлүүтээ эхийнхээ хөхийг эрдэг шигээ. Тэгээд үнэнийг ололгүй үхдэг юм шиг. Би бол ертөнцөд байдаг харьцангуй үнэний тухай л мэднэ үү гэхээс төгс үнэний тухай ерөөсөө мэдэхгүй юм байна. Үнэн гэж байдаг юм уу, үгүй юу гэдэгт эргэлздэг хүний нэг.
Зуурын үнэнийг хүмүүс бие биедээ юм уу, амьдралдаа бүтээдэг шиг. Түүнийгээ үнэн гэж бодвол, бусад хүн үнэн гэж зөвшөөрвөл энэ үнэн гэж боддог, харьцангуй үнэн дотор л амьдардаг бололтой.
-Үнэний хязгаарын тухайд та дуугарсангүй?
-Үнэний хязгаар үхлээс бусдад алга даа.
-Ардчилсан төртэй боллоо, үг, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлдэг сайхан цаг ирлээ гэсэн. Гэтэл сүүлийн үед хүмүүс чанга дуугарч чадахаа байгаад шивнэдэг боллоо. Яагаад шивнэж ярихад хүрэв ээ. Энэ ардчиллын явдал мөн үү?
-Хүн гэдэг чинь чангаас залхаж намуухан болдог. Намуухан, бөгчим байдлаасаа залхахаар чанга дуугардаг амьтан. Чөтгөрийн шуугиан, тамын шуугиан ихсээд ирэхээр хүмүүс шивнэдэг болно оо доо. Тамын шуугиан гэдэгт худлаа үнэн цуурхал, гүтгэлэг, егүүтгэл, хов жив, атаархал, үзэн ядалт ордог гэж би боддог. Тэр шуугиан ихдээд ирэхийн цагт хүн залхана л даа.
Гэхдээ ардчилсан төрийн үед чанга дуугарсан зөөлөн дуугарсан ялгаагүй үнэн дуугарч байвал сонсогдох л учиртай. Түүнээс биш ардчилалтай боллоо, эрх чөлөөтэй боллоо, чи хашгираад бай гэсэн үг биш шүү дээ.
Ер нь аливаа нэгэн зүйлийг хашгирч баталдаггүй, хашгирч хамгаалдаггүй, хашгирч өмөөрдөггүй. Үг хэдий намдуу тусмаа тархины гүнд ордог, үг хэчнээн чанга тусмаа салхилж өнгөрдөг л учиртай юм.
Чанга зөөлөн дуугарахын тухайг ардчилалтай холбож ярих, өгөгдсөн эрхийг буруу эдэлснийхээ төлөө залхаж байгаа хүмүүстэй ярих хоёр бол өөр хэрэг.
-Та төр, төрт ёсны тухай олон сайхан бүтээл туурвисан. Драмын жүжиг гэхэд л “Тамгагүй төр”, “Сарны цагаан цус”, “Улаан тэргэл сар”, “Маргаашгүй хаан” гээд. Ерөөс төр гэж юу юм бэ?
-Төр гэдэг уламжлалт хоосон чанар. Маш эртний юм. Хүн төрөлхтөний түүхэнд үүссэн цагаасаа хойш хамгийн олон жил оршсон нь төр. Хамгийн олон хүний амьдрал төр дундуур явж өнгөрсөн. Төр гэдэг агуу том ойлголт.
-Төр хоосон чанар юм бол мөн чанар нь юу вэ?
-Төрийг барьж байгаа түшээд бодит мөн чанар нь юм. Өөрөөр хэлбэл, амьд мөн чанар нь. Энэ амьд мөн чанар ямар байхаас шалтгаалаад төр сайн муу хэлэгддэг. Би юм л бол энэ төр муу төр гэж зүхээд байгаа хүмүүст дургүй хүрдэг. Төрийг зүхнэ гэдэг хоосон, мөнхийн юмыг зүхэж байна гэсэн үг. Нөгөө, Богд уулыг бойтог гутлаар өшиглөнө гэдэгтэй л агаар нэг юм даа. Төрийг нүцгэн гараараа барьж үзсэн, төртэй улаан нүүрээрээ халз тулж ярьж үзсэн хүн нэгээхэн ч байхгүй шүү дээ.
Түүний оронд төрийг барьж байгаа хүмүүсийнхээ л сайн муу хоёрыг ярихад болоо. Түшмэлүүдийн хийсэн алдаа төрийнх болж яригддаг нь хаашаа ч юм бэ дээ. Төрөө ариун байлгахын тухайд манай түшмэлүүд ч мэддэггүй, бид ч муу ойлголттой байдаг юм шиг санагддаг. Сав л хийвэл зүхээд байдаг.
Бид газар руу нулимдаг байснаа болиод тэнгэрээд нулимдаг болж байна. Шүлс дээшээ нисдэггүйг мэддэг л баймаар юм.
-Хууль батлагдлаа л гэх юм. Төдхөн нэмэлт өөрчлөлт орууллаа л гэх юм. Юу нь өөрчлөгдөөд, юу нь нэмэгдэж хасагдаад байгааг ялгах аргагүй л юм болоод байх шиг. Та анзаарахгүй байна гэж үгүй дээ, нэгэн үе УИХ-ын гишүүн байж төрийн түшээ явсан хүн болохоор?
-Манайд нэг ийм явдал байна. Хуулиуд их амархан өөрчлөгдөж байна. Их амархан засвар орж байна. Хэрэгжих хугацаа байхгүйгээр олон солигдсон хууль үр дүнгээ өгдөггүй. Ингэж байхын оронд нэг сайн бодоод нэлээд нухацтай хэлэлцээд он цагийн гарын аяыг даах хууль гаргадаг болбол яасан юм гэж боддог.
Он цагийн аяыг даах хууль батлавал хуулиа хэрэгжүүлэх боломж ард түмэнд олддог. Дараачийн нэг бодох зүйл ямарваа хуульд уламжлалт монгол зүйлийг их бага тусгаж байна уу даа гэж санагддаг. Бараг алга. Орчуулгын хуулиар л бид чинь амь зогоодог болсон шиг.
Уул усандаа зохиогүй, хүн арддаа, ёс заншилдаа тохироогүй зүйлийг хүн биелүүлэх дургүй. Монголын их цаазууд, тулгар хуулиуд эх газрынх байдаг юм шүү дээ. Их энгийн агаад тодорхой, биелүүлэх боломж ихтэй байдаг.
Хууль гэдэг хүнд биелүүлэх боломж олгосон байх ёстой. Үүнийг ер нь манайхан боддог юм болов уу гэж би эргэлздэг.
Хуулийг хүлээж авна гэдэг эхлээд хүндэтгэл байдаг. Хуулийн хүнд үйлчлэх хүрээний хамгийн эхний А бол хүндлэл. Зөв зүйтэй хуулийг хүндэтгэлтэй хүлээж авсан ард түмэн хүндэтгэлтэй биелүүлдэг. Иргэнийг хүндэтгэсэн хуулийг иргэн хуулиа хүндэтгэсэн сэтгэлээр тосч авах аваас сая жинхэнэ хууль болжээ гэж хэлж болно.
Гарсан цагаас нь үл хүндэлсэн хууль хэрэгждэггүй, биеллээ олдоггүй.
-Баян ядуу гэсэн эсрэг тэсрэг ойлголт байна. Хүн болгон шахуу баяныг үзэн ядаж, муу муухайгаар нь дууддаг. Тэгсэн мөртлөө бүгд баян болох гэж мөрөөдөөд зүтгээд байдаг. Шүүмжлэл мөрөөдөл хоёрын зааг ялгаа гэж байна уу?
-Ийм үг байдаг шүү дээ. Болох гэж мөрөөдсөн зүйлийнх нь эцсийн цэг дээр хүн зогсчихоод байхад түүнд атаархахгүй яахав гэсэн.
Манай монголчуудын оюун ухааныг эвдэж байгаа нэг айхтар гажуудал байна. Энэ ийм байна, би тийм байх ёстой гэж атаархаж шүлэнгэтдэг. Адилхан байх гэж. Ямар алба байна аа. Хүн хүн өөр өөрийн төөрөг тавилантай шүү дээ. Баян нь баян, дундаж нь дундаж, ядуу нь ядуугаараа. Ийм хувь заяаг хамгийн ихээр хүлээн зөвшөөрч чаддаг байсан ард түмэн өнөөдөр огт хүлээн зөвшөөрч чадахаа байжээ.
Баяныг үзэн яддаг атлаа өөрөө баяжихыг хүсээд байдаг. Өөрөө баяжсан хойноо хүнд үзэн ядуулна гэдгээ мэддэггүй.
Бүгдээрээ баяжаад, бүгдээрээ адилхан хэрэглээтэй болоод хязгааргүй эв хамтад хүрэх социализм, коммунизмийн онол чинь хүн төрөлхтөнөөс хаягдлаа шүү дээ. Энэ бол хүн болгон тэгш байж болохгүй юм байна аа гэдгийн нотолгоо юм байгаа биз дээ. Өөрийн үзэл бодол, өөрт оногдсон хувь заяндаа ханаж амьдрах, оюунаас бусдад хэтэрхий их шунахыг татгалзаж сурах хэрэгтэй байгаа юм.
Тархины шунал шиг ариун шунал үгүй. Оюунд шунах хэрэгтэй. Яагаад гэвэл өгөгдсөн хүчин чадлыг нь бодсон ч хамгийн их баяжиж болох эрхтэн бол тархи. Тархи нь баян хүн аяндаа агуу, том харагдана. Алив элдэв бусчир зүйлээс ангид байж чадна.
Тархиараа баяжихтүн гэж чанга хашгирмаар байна.
-Хүн нэрээ, тогос өдөө гэж ардын цэцэн үг бий. Энэ дөрвөн үгийн цаана чухам ямар утга санаа агуулагдаж байдгийг эдүгээ цагийнханд “орчуулж” хэлж өгнө үү?
-Нэр хүндийг нэгэн үед л хамгаалдаг юм. Түүнээс гадна ураг удмын нэр хүндийг хамгаалах гэж байна. Маргаашийн нэр хүндийг хамгаалах гэж байна. Гурван том үүрэг, гурван том утга байгаа байхгүй юу, хүн нэрээ гэдэг үгэнд чинь. Гурван үедаа нэрээ хамгаалахыг чухалчилсан хэрэг.
Тогос өдөө гэдэг нь жишсэн үг. Тогос өдөө дэлгэчихээд дараа нь хошуугаараа нэг нэгээр нь эвхдэг. Тийм хямгач, нарийн, өөрийнхөө гоё юмыг мэддэг шувуу.
Тогосын өд, хүний нэр хоёр бол хахь хол зүйл шүү дээ. Нэг нь гадаад үзэмжийн асуудал, нөгөөх нь дотоод сэтгэл, хүн байхын учир шалтгааны гүүр, нэр зүсээ дуудуулах, удам судраа дуудуулах, хойшид үр хүүхэддээ үлдэх гээд хэчнээн гүн гүнзгий утга шингэсэн байна.
Тогос өдөө яаж хайрладаг вэ, түүн шиг нэрээ хайрла, тийм эмзэг эд шүү гэдгийг л хэлсэн байгаа юм. Монголчууд чинь төсөөлүүлэн бодуулах арга ихтэй ховор үндэстэн. Сургаал номлолоо аливаатай адилтгаж, зүйрлэж, дүрсэлж, тодотгож, ганц хоёр үгээр тархинд нь шингэтэл зажилж өгдөгөөрөө дэлхийд толгой цохисон агуу ард түмэн шүү дээ.
-Таны хөтөлдөг “Монгол тулгатны 100 эрхэм” гэж сайхан нэвтрүүлэг байна. Оролцогчдод ямар шалгуур тавьдаг нь сонин байдаг. Эрхэм гэж ямар хүнийг онцолсон тодорхойлолт вэ?
-Монгорлчууд эрхэм хүмүүс. Эрхмээр тогтохгүй эрхмийн дээд гэж ярьдаг, хэлдэг. “Монгол тулгатны 100 эрхмийн дээд” гэж хэлэхэд болохгүй юм ер байхгүй байгаа биз. Монголчууд бүгдээрээ эрхэм учраас эрхмээр нь нэрлэсэн нь зөв гэж бодсон.
Хүний тухай л ярьж байж хүнийг хүмүүжүүлнэ. Ийм хүн байсан юм шүү, ийм амьдрал дундуур туулсан юм шүү гэдгийг нь эргээд харахад үлдэцтэй эрхмүүдийг нь л түүе гэж хичээж байгаа. Хүн шиг эрхэм бодьгал дэлхийд байхгүй. Түүний дотроос үзсэн туулсан он цагийг нь нэгдүгээрт тавьж онцолдог. Дараа нь юу бүтээснийг нь онцолдог. Ямар хүн чанартай, ямар хүн явсныг нь онцолдог. Ямар ямар тодорхой үйл явдлуудад яаж оролцож байсан юм гэдгийг нь онцолдог. Энэ хүний хэлсэн ярьсан хүнд юу өгч, юу үлдээхнэв гэдгийг онцолдог. Ийм таван тодорхой онцлогийг бодож нэвтрүүлэгтээ оролцуулдаг даа.
Эрхмийг чинь ард түмэн тодруулаад ялгачихсан байдаг юм. Тэр мөн сайхан дуучин шүү гэж ярьж байгаа чинь эрхмээ хэлж байгаа юм. Тэр мөн сайн удирдагч, сайн ерөнхий сайд байсан даа гэж хэлж байгаа чинь эрхэм болгочихсон байгаа юм.
Ард түмний тэр яриа хөөрөө, ард түмний тэр цэгнэж банжиж байгааг айхтар сайн анзаарах хэрэгтэй юм. Ард түмэнд нийцэхгүй зүйлийг ард түмэнд зориулж хийнэ гэж хэзээ ч байдаггүй.
Ярилцсан Цээнзэнгийн ГАЛБАДРАХ
Эх сурвалж: “Хуульч news” сэтгүүл №01