ДЭЭД БОЛОВСРОЛЫН СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГЫН ОЮУТАН, СУРАЛЦАГЧИД ОЮУТНЫ ХӨГЖЛИЙН ЗЭЭЛ ОЛГОХ, ЭРГЭН ТӨЛҮҮЛЭХ ЖУРМЫН ТАЛААР МЭДЭЭЛЭЛ

 Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дээд боловсролын сургалтын байгууллагын оюутан, суралцагчид “Оюутны хөгжлийн зээл” олгох, эргэн төлүүлэхэд энэхүү журмыг мөрдөнө.

           Оюутны хөгжлийн зээлийн зорилго нь оюутан, суралцагчид сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлэх, сургуулийн сургалтын үйл ажиллагааны чанар, өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд оршино. Энэхүү журам нь сургуульд анх удаа бакалавр, магистр болон докторын шатлалд суралцаж байгаа Монгол Улсын иргэнд хамаарна.

          Тухайн жил батлагдсан төсөв болон зээлийн санхүүжилтэд багтаан зээл авах оюутан, суралцагчийн хяналтын тоог боловсролын шатлал, хөтөлбөр, сургууль тус бүрээр төрийн захиргааны төв байгууллагуудын саналыг харгалзан боловсрол болон санхүү, төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтарсан тушаалаар жил бүрийн 5 дугаар сарын 1-ний өдрөөс өмнө тогтоохоор заажээ.

          Энэхүү журамд заасан шаардлага хангасан оюутан, суралцагч өөрийн суралцаж байгаа сургуулиараа дамжуулан зээл авах хүсэлтийг санд гаргана. Суралцагчтай Боловсролын зээлийн сан зээлийн гэрээ байгуулна. Сан нь оюутан, суралцагчид хичээлийн жилийн тухайн улиралд сонгосон багц цагийн төлбөртэй тэнцэх хэмжээний зээлийг суралцаж байгаа сургуулиар дамжуулан олгоно.

Зээл хүсэгч нь дараах шаардлагыг хангасан байна:

1. элсэлтийн ерөнхий шалгалтын дундаж 600 болон түүнээс дээш оноо авсан элсэгч байх;

2. голч дүн 2.8 болон түүнээс дээш оноотой суралцаж байгаа бакалаврын шатлалын оюутан байх;

3. голч дүн 3.2 болон түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа магистрант, докторант байх;

4. сангийн  мэдээллийн системд  бүртгэгдсэн байх.

Зээл хүсэгч хүсэлт гаргахдаа дараах материалыг бүрдүүлнэ:

1. иргэний үнэмлэхийн хуулбар;

2. зээл хүссэн, эргэн төлөхөө илэрхийлсэн өргөдөл;

3. элсэлтийн ерөнхий шалгалтийн онооны хуудасны хуулбар;

4. сургуулийн голч дүнг тусгасан тодорхойлолт;

5. төлбөрийн нэхэмжлэхийн эх хувь;

6. тухайн улиралд судалж байгаа хичээлийн баталгаажуулсан  жагсаалт;

7. ирээдүйн зорилгоо тодорхойлох эссэ (зээлд хамрагдсанаар нийгэмд үзүүлэх хувь нэмэр, тухайн мэргэжлээр суралцсанаар ямар үр дүнд хүрэх талаарх).

             Зээлдэгч хууль болон зээлийн гэрээнд зааснаас гадна дараах эрх, үүрэгтэй байна:

1. өөрийн талаарх үнэн зөв, бодит байдалд нийцсэн бүрэн мэдээлэл өгөх, хувийн мэдээлэлд өөрчлөлт орсон тохиолдолд нэн даруй сургуулийн сургалтын албанд мэдэгдэх;

2. эрүүл мэндийн болон бусад шалтгаанаар чөлөө авсан, өөр сургуульд шилжсэн, хасагдсан, цаашид суралцах боломжгүй болсон тохиолдолд 14 хоногийн дотор сургуулийн сургалтын албанд мэдэгдэх;

3. Боловсролын тухай хуульд заасны дагуу сургууль төгссөний дараа ажил эрхэлсний болон ирээдүйн бусад орлогоосоо зээлийн эргэн төлөлтийг бүрэн хариуцах;

4. зээлийн гэрээний хугацааг дуусах хүртэлх хугацаанд зээлээ төлөх, ажилд орсон, ажлаа өөрчилсөн тохиолдолд энэ талаарх мэдээллийг тухай бүр санд мэдэгдэх.

              Бакалаврын шатлалд суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 2.8 болон түүнээс дээш, магистрант, докторантурт суралцаж байгаа зээлдэгчийн өмнөх улирлын голч дүн 3.2 болон түүнээс дээш байх тохиолдолд зээлийг үргэлжлүүлэн олгоно. Зээл олгох нийт хугацаа тухайн мэргэжлийн сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөнд заасан хугацаанаас хэтрэхгүй байна. Зээлдэгч хичээлийн жилийн нэг улиралд 10-аас доошгүй багц цагийн хичээл судалж, дүгнүүлсэн байна. Хангалтгүй үнэлгээ авсан хичээлийг давтан суралцсан тохиолдолд тухайн багц цагийн хичээлийн төлбөрт зориулан дахин зээл олгохгүй.

              Зээлдэгч чөлөө авсан, өөр сургуульд шилжсэн болон бусад шалтгаанаар зээлийн гэрээг сунгах боломжгүй болсон тохиолдолд сан санхүүжилтийг түр зогсооно. Зээлдэгч сургуулиас гарсан, эсхүл хасагдсан тохиолдолд зээлийг эргэн төлүүлнэ.

            Зээлдэгч сургууль төгсч диплом авсан өдрөөс эхлэн 6 хүртэлх жилийн дотор зээлийг төлж дууссан байхаар эргэн төлөлтийн хуваарийг гаргаж, зээлийн гэрээнд тодорхой тусгана. Орон нутагт ажиллаж байгаа төрийн албан хаагчийн зээлийг эргэн төлөх хугацааг 2 жил хүртэлх хугацаагаар сунгаж болно.

            Зээлдэгч энэхүү журам, зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болон зээлийн гэрээтэй холбоотой маргаан үүссэн тохиолдолд асуудлыг Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу шүүхээр шийдвэрлүүлнэ.

Энэ тогтоолыг 2018-05-01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр заасан байна.

 

http://www.legalinfo.mn/annex/details/8401?lawid=13316