МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХУРАЛДААНЫ ИРЦИЙГ БҮРДҮҮЛЭХТЭЙ ХОЛБОГДУУЛАН ХОЛБОГДОХ ХУУЛИУДАД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛЖЭЭ.
УИХ-аас 2018-06-29-ний өдөр Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг тус тус баталсан байна.
Дээрх нэмэлт, өөрчлөлт оруулсан хуулиудын зарим заалтуудыг онцолбол, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101.1.4-т “Гишүүн хэлэлцэж байгаа асуудалтай холбогдолгүй үг хэлсэн бол хуралдаан даргалагч нэг удаа сануулж, сануулгыг биелүүлээгүй бол тухайн үг хэлэх хугацааг дуусгавар болгох”, мөн хуулийн 91.2-т “Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхэждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглана.” гэсэн заалтыг нэмсэн байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулиар Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 35.11-т “Гишүүн нэгдсэн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцоогүй бол тасалсан өдрийн цалинг олгохгүй”, 39.1.16-д “гишүүн чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд оролцсон ирцийн мэдээг сар бүр гаргаж, олон нийтэд мэдээлэх” үүргийг Улсын Их Хурлын Тамгын газарт хариуцуулахаар тус тус нэмэлт оруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 91.2-т “Хуралдааны ирцэд бүртгүүлэх, асуулт асуух, үг хэлэх, цахим тоолуураар санал өгөхөд биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхэждэг систем бүхий цахим тоолуурыг ашиглана.” гэсэн заалтыг 2019-04-05-ны өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөх ба Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн бусад заалтууд нь 2018-07-19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөнө.
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсанаар УИХ-ын 2018-06-29-ний өдрийн 70 дугаар тогтоолоор УИХ-ын Байнгын хорооны болон нэгдсэн хуралдаанд санал хураалт явуулахад ашиглах биеийн давхцахгүй өгөгдөл /гарын хурууны хээ/-өөр идэвхэждэг систем бүхий төхөөрөмжийг Байнгын хороодын болон нэгдсэн хуралдааны танхимд суурилуулах арга хэмжээ авахыг УИХ-ын Тамгын газарт даалгасан байна.
Эх сурвалж: Төрийн мэдээлэл 2018-07-09 №26 /1031/