Түгээмэл асуулт хариулт

Хөдөлмөрийн харилцаа

Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийг ямар тохиолдолд түдгэлзүүлдэг вэ?

Тусгай зөвшөөрөл эзэмшигч хүсэлт гаргасан, зуучлах үйлчилгээний журмыг зөрчсөн, зургаан сарын хугацаанд тайлан ирүүлээгүй, эсхүл хуурамч тайлан ирүүлсэн, эсхүл үйл ажиллагаа явуулаагүй эдгээр тохиолдолд Хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын шийдвэрээр гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ.

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь Ажилгүйдлийн даатгалын сангаас ямар төрлийн тэтгэмж, хөнгөлөлтийг авч болох вэ?

Нийгмийн даатгалын шимтгэл төлөгч нь Ажилгүйдлийн даатгалын сангаас дараах тэтгэмж, хөнгөлөлтийг хувь тэнцүүлэн авч болно. Үүнд: 1. Ажилгүйдлийн тэтгэмж; 2. Шимтгэлийн хөнгөлөлт. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэмжийн тухай хууль 2 дугаар зүйл

Ямар ажил, үйлчилгээ албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй бэ?

Дараах ажил, үйлчилгээ албадан хөдөлмөрлүүлэхэд хамаарахгүй. Үүнд: - Суурь боловсрол эзэмших; - Хугацаат цэргийн албан хаагчийн хийж гүйцэтгэж байгаа цэргийн зориулалттай ажил, үйлчилгээ; - Тухайн нутаг дэвсгэр, хот, тосгон, суурин газрын оршин суугчийн хувьд хийх тохижилт, цэвэрлэгээний хөнгөн ажил; - Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл ял эдлэх явцад төрийн байгууллага, албан хаагчийн удирдлага, хяналтын доор хийж гүйцэтгэх ажил, үйлчилгээ. Ялтныг аливаа хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагад ажиллуулах, тэдний мэдэлд шилжүүлэхийг хориглоно; - Улс орныг батлан хамгаалах, хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалахад зайлшгүй шаардлагатай ажил гүйцэтгэх, гамшиг, аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, түүний хор уршгийг нэн даруй арилгахтай холбоотой ажил, үйлчилгээ. Хэрэв хүнийг албадан хөдөлмөрлүүлсэн, албадан хөдөлмөрлүүлэхэд зуучилсан, зохион байгуулсан хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ. Хөдөлмөрийн тухай хууль 8 дугаар зүйлийн 8.3 дахь хэсэг
[Цааш унших...]
Гэр бүлийн эрх зүй

Гадаад улсын иргэн үрчлэн авсан хүүхэд хэдэн нас хүрээд Монгол Улсын харьяатаас гарах хүсэлт гаргаж болох вэ?

Гадаадын иргэн эхнэр, нөхрийн үрчлэн авсан Монгол Улсын харьяат 16 насанд хүрсэн хүүхдийг тэдний хүсэлтээр Монгол Улсын харьяатаас гарахыг зөвшөөрч болно.

Эцэг нь гадаад улсын иргэн юм. Бидний дундаас төрсөн хүүхэд аль улсын иргэн болох вэ?

Эцэг, эхийн аль нэг нь Монгол Улсын харьяат, нөгөө нь гадаад улсын харьяат бол Монгол Улсын нутаг дэвсгэр дээр төрсөн тэдний хүүхэд Монгол Улсын харьяат байна. Хэрэв хүүхэд гадаад улсын нутаг дэвсгэр дээр төрсөн бол хүүхдийн иргэний харьяаллыг эцэг, эхийн харилцан бичгээр, эсхүл тоон гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэнэ.

Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өвлөгч биш этгээдэд гэрээслэн үлдээсэн тохиолдолд хууль ёсны өвлөгчдөд өв өвлүүлэх боломжтой юу?

Гэрээслэгч бүх эд хөрөнгөө хууль ёсны өмчлөгч бус этгээдэд гэрээслэх тохиолдолд өвлүүлэгчийн насанд хүрээгүй буюу хөдөлмөрийн чадваргүй, түүнчлэн түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, түүний асрамжинд байсан хөдөлмөрийн чадваргүй нөхөр /эхнэр/, төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх, хууль ёсны бусад өвлөгчдөд хуульд зааснаар өвлүүлбэл зохих хөрөнгийн хоёрны нэгээс багагүй хэсгийг заавал өвлүүлнэ. Ийнхүү заавал өвлүүлэх хэсгийн хэмжээг тодорхойлохдоо хуваарьт болон дундаа хамтран өмчлөх эд хөрөнгийн өвлүүлэгчид оногдох хэсгийг оролцуулан тооцно.
[Цааш унших...]
Компанийн эрх зүй

Хувьцаа эзэмшигчдийн хурлаас гарсан шийдвэрийг хувьцаа эзэмшигч эсэргүүцэж байгаа тохиолдолд шүүхэд гомдол гаргах эрх үүсэх үү?

Тийм. Компанийн тухай хуулийн 62-р зүйлийн дагуу хувьцаа эзэмшигч шийдвэрийг хүчин төгөлдөр бус гэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй.

Аж ахуйн нэгж гэж юуг хэлэх вэ?

"Аж ахуйн нэгж" гэж улсын бүртгэлд бүртгэгдэж, аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж байгаа компани, нөхөрлөл, хоршоо, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газар, тэдгээртэй адилтгах орлогын албан татвар төлөх үүрэг бүхий хуулийн этгээд, хуулийн этгээдийн эрхгүй этгээд болон үндсэн үйл ажиллагаа нь ашгийн бус боловч бараа борлуулах, ажил гүйцэтгэх, үйлчилгээ үзүүлж орлого олсон дотоод, гадаадын хуулийн этгээдийг хэлнэ. Эх сурвалж: Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1

Компанийн дүрмийн болон гэрчилгээний хуулбарыг хаанаас авах вэ?

Компанийн дүрмийн хуулбар бусад холбогдох баримт бичгийн хуулбарыг харьяалал харгалзахгүйгээр Нийслэлд Улсын бүртгэлийн 28 нэгж болон орон нутгийн улсын бүртгэлийн хэлтсээс өөрийн биеэр очиж эсхүл итгэмжлэгдсэн төлөөлөгчөөрөө дамжуулан авах боломжтой.
[Цааш унших...]
Захиргааны эрх зүй

Зөвшөөрлийн код гэж юу вэ? Хаанаас, хэрхэн тогтоох вэ?

Зөвшөөрлийн нэгдсэн бүртгэл хөтлөх, статистик мэдээг эрхлэн гаргах, лавлагаа өгөх, цахим хэлбэрээр зөвшөөрөл олгох зорилгоор зөвшөөрлийг кодолно. Эдийн засаг, хөгжлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага зөвшөөрлийн кодыг эдийн засгийн үйл ажиллагааны ангилал, барааны ангиллын жагсаалт болон үндэсний кодыг харгалзан тогтооно. Зөвшөөрлийн тухай хуулийн 2.3 дугаар зүйл

Тусгай зөвшөөрлийг хэдэн жилийн хугацаагаар олгох вэ?

Тусгай зөвшөөрлийг таван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг гурван жилээс доошгүй хугацаагаар олгох бөгөөд байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно. Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлөөс бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болно. Зөвшөөрлийн тухай хуулийн 2.2 дугаар зүйл

Газар өмчлөх эрх ямар тохиолдолд дуусгавар болох бэ?

“Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай” хуулийн 31.1-т заасны дагуу өмчийн газраа бусад иргэний өмчлөлд шилжүүлснээр, газар өмчлөх эрхээсээ татгалзсанаар, газар өмчлөгч иргэн Монгол улсын харьяатаас гарснаар, хууль тогтоомжид заасан бусад үндэслэлээр тус тус дуусгавар болно. Эх сурвалж: Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1дэхь хэсэг
[Цааш унших...]
Гэрээний эрх зүй

Хөлслөгч 2 сарын туршид хөлсөө төлөөгүй бол хөлслүүлэгч гэрээг ямар хугцааанд дуусгавар болгох эрхтэй вэ?

Хөлслөгч дараалсан 3 сарын турш хөлс төлөөгүй нөхцөлд цуцлах эрхийг олгохоор хуульд заасан тул энэ хугацаа болохоос өмнө хөлслүүлэгч гэрээг цуцлах эрхгүй. Эх сурвалж: Иргэний хууль, https://legalinfo.mn/mn/detail/299

Зээлээр худалдах, худалдан авах гэрээ худалдах худалдан авах гэрээнээс ямар ялгаатай вэ?

Худалдан авагч үнийг шилжүүлэхээс өмнө худалдагч худалдаж буй хөрөнгийн өмчлөх эрхийг худалдан авагчид шилжүүлж, худалдан авагч нь үнийг гэрээнд заасны дагуу тодорхой цаг хугацааны дараа төлөх үүрэг хүлээдэг. Эх сурвалж: Иргэний хууль, https://legalinfo.mn/mn/detail/299

Хүүтэй мөнгө хүнд зээлүүсэн бөгөөд зээлийн гэрээ байгуулаагүй бол зээлүүлсэн мөнгө болон зээлийн хүүг шаардах эрхтэй юу?

Монгол Улсын Иргэний хуульд зааснаар мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцдог. Мөн зээлийг хүүтэй олгох тохиолдод заавал бичгээр гэрээг хийнэ. Хэрэв бичгээр зээлийн гэрээг байгуулаагүй бол зээлдэгч нь хүү авах эрхээ алддаг байна. Тиймээс үндсэн зээлүүлсэн мөнгөө шаардах эрхтэй.
[Цааш унших...]
Бусад

Манай компани нь гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах үйлчилгээ үзүүлдэг тусгай зөвшөөрөлтэй юм. Тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дууссан тохиолдолд хэд хоногийн дотор сунгах хүсэлтээ өгөх вэ?

Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тусгай зөвшөөрлийн хугацааг сунгуулах өргөдлийг дараах баримт бичгийн хамт тусгай зөвшөөрлийн хүчинтэй хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө хөдөлмөрийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлнэ.

Өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийг хэрхэн хөтөлдөг вэ?

Өмгөөлөгчдийн Холбоо өмгөөлөгчдийн нэгдсэн бүртгэлийг хөтлөх бөгөөд нэгдсэн бүртгэлийг Өмгөөлөгчдийн Холбоо, Өмгөөлөгчдийн Холбооны салбар зөвлөл, аймаг, нийслэлийн хууль зүйн асуудал хариуцсан нэгж өөрийн цахим хуудсанд байршуулна. Өмгөөллийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1

Ямар үндэслэлээр өмгөөллийн үйл ажиллагаа эрхлэх эрхийг дуусгавар болгох вэ?

- өмгөөлөгч өөрөө хүсэлт гаргасан; - өмгөөлөгчийн иргэний эрх зүйн чадамжийг хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон; - өмгөөлөгч нас барсан; - өмгөөлөгчийг сураггүй алга болсонд, эсхүл нас барсанд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон. Өмгөөллийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1
[Цааш унших...]